Thursday, June 6, 2013

ҮНЭН ЯАГААД ЯМАГТ ДАРАГДАЖ ЯЛАГДДАГ ВЭ




 



Чөтгөрийн нэгэн дагалдагч түүн дээр гүйж ирээд “Та юу хийгээд модны доор суугаад байгаа юм бэ? Та сонсов уу, нэг хүн үнэнийг олчихож! Бид бушуухан нэг юм хийх хэрэгтэй. Хэрэв тэр үнэнийг олчихсон бол бидний байх эсэх нь аюулд орлоо гэсэн үг. Бидний ажил ч эрсдэлд орлоо, тэр хүн биднийг үндсээр нь таслаад хаяж чадна!” гэж хэлэхэд нөгөө хөгшин чөтгөр инээд алдаж “Тайвширдаа. Чи шинэ болохоороо ингэж сандарч байгаа юм, битгий санаа зов. Миний хүмүүс аль хэдийн ажлаа хийгээд эхэлчихсэн” гэжээ.
Дагалдагч нь “Гэхдээ би тэнд ямар ч манай хүн байхыг хараагүй дээ” гэхэд чөтгөр “Би их олон аргаар ажилладаг. Тэнд эрдэмтэд, мэргэжилтэнгүүд, философичид, шашин судлаачид байгаа, битгий санаа зов. Тэд үнэний талаар дэмжиж бас эсэргүүцэж маш их чимээ гаргах болно, тэд маш их маргааныг үүсгэнэ. Тэгэхээр үнэний өчүүхэн жаахан чимээ үүнд дарагдаж чимээгүй болох болно. Бидэнд санаа зовох юм байхгүй. Энэ эрдэмтэд, мэргэжилтэнгүүд, профессорууд чинь миний хүмүүс байхгүй юу. Би тэднээр дамжуулж ажлаа явуулдаг, тэд надад үйлчилдэг миний нууц төлөөлөгчид байгаа юм. Чи магадгүй миний хүмүүсийг олж хараагүйн учир нь би хүмүүсийнхээ зүсийг хувиргасан юм. Миний хүмүүс тэр үнэнийг олсон хүнийг тойроод байж байгаа, тэр хүн бидэнд ямар ч хохирол учруулж чадахгүй. Удахгүй тэр хөгширч үхэх болно, тэгээд миний хүмүүс түүний суртлыг номлогч, түүний санваартнууд болж бүхий л хэргийг удирдах болно” гэжээ.
Санваартнууд ганц Бурханд биш чөтгөрт ч үйлчилдэг. Алдартай эрдэмтэд гэж нэрлэгддэг логик баримтлагчид, өөнтөглөн маргалдагчид нь чөтгөрт үйлчилдэг болохоос Бурханд үйлчилдэггүй юм. Хэрэв та ямар нэг юм бичвэл та ийм хүмүүст боломж өгч байна гэсэн үг, тэд ийм завшааныг алдахгүй. Тэд бүхэл зүйлийг нурааж түүнийг тойруулаад гайхалтай төөрөгдлийг бий болгож чадна. Энэ бол тэдний мэргэжил.

Ийм учраас би Ко Суаныг /Ko Hsuan/ бичих эсэхдээ арван мянган удаа эргэлзсэнийг нь ойлгож байна. Гэвч эцэст нь тэрээр бичихээр шийдсэн бөгөөд би түүнийг зөв зүйл хийсэн гэж бодож байна. Харанхуйгаас айхгүй байх хэрэгтэй. Гэрэл хэдийгээр жижигхэн ч том болоод хөгшин харанхуйгаас илүү хүчтэй. 

No comments:

Post a Comment