Wednesday, October 17, 2012

ХҮМҮҮСИЙН ЗИНДАА





/“ТАО буюу ГЭГЭЭРЭЛД ХҮРГЭХ ЗАМ” номын хэсгээс/


Орчуулсан: Хэл шинжлэлийн ухааны доктор ЧАГДААГИЙН СОЁЛМАА

... Будда Хиндү нийгмийн хоёр үндсэн зарчмыг шүүмжилдэг байжээ.
Эхнийх нь Ашрама /ashrama/ буюу амьдралын дөрвөн үе шатыг шүүмжилдэг байсан. Санняас /Sannyas/[1] бол амьдралын хамгийн сүүлийн буюу өөрөөр хэлбэл дөрөв дэх шат нь юм.
Хоёр дахь зарчим нь бол дөрвөн зиндааны тогтолцоо буюу Варна /Varna/ юм.
Энэ тогтолцоогоор бол Брахмин  нь /Brahmin/ хамгийн дээд зиндаа бөгөөд Судра нь /Sudra/ хамгийн доод зиндаа юм. Харин дунд нь Вайшяа /Vaishya/, Кшатряа /Kshatriya/ зиндаа гэж байдаг.
Будда энэ тогтолцоог шүүмжилдэг байсны учир нь Будда Брахмаг /Brahma/ мэддэг хэн ч байсан Брахмин зиндааны хүн юм, төрсөнөөрөө биш харин мэдэхүй болоод оршихуйгаар нь хүний зиндааг тодорхойлно гэж үздэг байжээ.
Тэрээр хүн бүр хамгийн доод буюу Судра зиндаанд төрдөг гэж үздэг. Анх төрөхдөө хэн ч дээд эсвэл доод зиндааных байдаггүй, хүн бүр харин амьтны маягаар л төрдөг. Тэгээд хэрэв та хөдөлмөрлөж эрэлхийлж, ухамсараа улам бүр төгөлдөржүүлбэл аажим аажмаар та дээшилж Судра зиндаанаас Вайшяа зиндааных болно.
Вайшяа зиндааны хүн бол ажил хэрэгч хүн юм. Тэрээр Судра зиндааны хүнээс арай илүү үнэлэмжтэй, заримдаа хөгжим бодож заримдаа яруу найраг бодно. Судра зиндааны хүн бол ердөө л биеийнхээ талаар л боддог. Өөрөөр хэлбэл иднэ, унтана, ингээд л бараг боллоо. Иднэ, ууна, хөгжимдөнө, энэ бол Судра зиндааны хүний амьдралын хэв маяг. Хэрэв та ийм л юм хийдэг бол та Судра зиндааны хүн гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтний хамгийн доод ангилал юм.
Хүн бүр ийм маягаар төрдөг. Та бяцхан хүүхдээс шашин, философи, яруу найраг болон хөгжим сонирхдог байхыг шаардаж чадахгүй. Бяцхан жаал төрөхдөө л биеийн амрыг харагч байдаг. Тэрээр өдөрт 18-20 цаг унтдаг болохоор та өөр юу ч шаардаж чадах билээ дээ? Өлссөн үедээ сэрж уйлж орилоод л хоолоо олно, тэгээд ахиад л унтаад өгнө. Иднэ, ууна, унтана. Хүүхэд бүр Судра зиндааных байдаг.
Таныг өсч том болох үед таны биед шинэ хэмжээс нээгддэг. Та өөрийн бие физиологиос ангид зүйлсийг сонирхож эхэлнэ. Оюун ухаанаас өчүүхэн хэсэг, сэтгэлзүйгээс өчүүхэн хэсэг таны биед нэвтэрнэ. Та одоо ердөө хүний бие байхаа болино, хувь хүн байхаа болино. Тэгээд та Вайшяа болно. Одоо та амьдралын арай том ажил хэрэгт чиглэнэ, та ажил хэрэгч болно. Тийм өндөр нөхцөл байдал биш ч гэсэн Судрагаас арай дээд зиндаа юм.
Тэгээд Кшатряа буюу дайчин зиндаа байдаг. Энэ зиндааны хүн арай дээд зэргийн зүйлд илүү сонирхолтой байдаг. Тэрээр үнэн, гоо сайхан, хайр дурлалыг эрэлхийлж эхэлдэг. Түүний сонирхол ажил хэрэгч хүнээс илүү өндөр юм. Тэрээр эдгээр илүү үнэ цэнэтэй зүйлсийн төлөө амьдралаараа дэнчин тавьж бүр амьдралаа алдахад ч бэлэн байдаг. Тэр азаа үзэхэд ч бэлэн байхаар тийм зоригтой юм. Эрэлхэг зориг түүнд бий. Ажил хэрэгч хүн бол тийм зүрх зоригтой биш, хэрэв бүх зүйл нь сайн байвал тэрээр магадгүй хөгжим, яруу найраг сонирхож, гэртээ сууж үнэний талаар ч бас бодож болох юм. Харин тэрээр илүү аюултай эрсдэлд өөрийгөө оруулахгүй юм.
Харин дайчин хүн Кшатряа хүн эрсдэлд орж чаддаг. Тэрээр амьдралаараа бооцоо тавьж чадна. Тэрээр аз туршигч болдог. Ажил хэрэгч хүн хэзээ ч аз туршигч байж чаддаггүй. Ажил хэрэгч хүн эхлээд ашиг тусыг нь бодож байж л цаашаа явна. Тэрээр эрсдэл хүлээсэн ч хязгаартай эрсдэлийг л хүлээнэ, үргэлж ашиг болон алдагдлын талаар санаа зовж байдаг. Гэтэл дайчин хүн бол бүгдийг эрсдэлд оруулж чадна. Тэрээр амьдралын гүн рүү нь ордог. Энэ бол гурав дахь шат юм.
Брахмин бол хамгийн дээд шат бөгөөд амьдралын оньсого мэт нууцад, бодит байдалд, оршихуйд гүн гүнзгий нэвтэрсэн хүн юм. Тэрээр төгс үнэн гэж юу болохыг мэдэхгүйгээр юунд ч итгэж үнэмшихгүй юм. Брахмин хүн бол төгс үнэн, туйлын үнэнтэй нүүр тулж үзсэн хүн юм.
Будда энэ дөрвөн шат бол төрөхдөө л хуваагдаж төрдөг ангилал биш, харин таны хувьсан өөрчлөгдөж хөгжих ёстой болдог чанар юм гэж хэлсэн байдаг. Хүн бүр Судрагаас үүдэн гарч Брахмин руу явах ёстой юм. Будда зиндааны тогтолцооны бүхий л санааг үгүйсгэсэн. Тэрээр санниасин /sannyasin/ бол настай огт хамаагүй, таны хэдэн настай байх нь огт хамаагүй, энэ бол дэс дараалсан зүйл биш. Хэрэв санниас хугацаатай холбоогүй юм бол хэрхэн нас сүүдэртэй холбоотой байх билээ? Санниас бол бэлэн байгаа хүний хувьд цаг хугацаагүй хөдөлгөөн юм. Заримдаа жаахан хүүхэд хүртэл санниас болж болдог. Шанкара ердөө 9 настай байхдаа санниаст нэвтэрсэн байдаг. Хэрэв тэрээр эртний Хиндү ойлголтод заасан нас болтол хүлээсэн бол хэзээ ч санниасин болохгүй байх байсан. Учир нь тэрээр 33 настай байхдаа таалал төгссөн юм. Хүн төрөлхтөн ч зарим нэг агуу зүйлийг алдах байсан.
Аливаа хүн бэлэн болсон үедээ л санниаст орж болдог гэж Будда хэлжээ. Энэ бол хүмүүсийн өөр өөр чанар, өөр өөр эрчим, өөр өөр итгэл үнэмшил юм.
Аливаа хүн 9 насандаа ч ихэнх хүмүүсээс илүү, тэр бүү хэл 90 настай хүнээс ч илүү мэдрэмжтэй, ойлголттой байж болно. Хүний насаар шууд шийдэж болохгүй, харин тухайн хүний дотоод эрчимийг нь харах ёстой...




[1] Санниасин /Sannyasin/ - Эрт үед Энэтхэгт өндөр настай хүнийг санниасин гэж нэрлэдэг байсан. 75-аас дээш насанд аливаа хүн санниасин болох ёстой болдог байсан, өөрөөр хэлбэл амьдрал дуусах дөхөж үхэх ойртохын үед хүн бүхий л зүйлээс татгалзаж оюун санааны амьдралд орох ёстой болж санниасин болдог байжээ. Харин Будда залуу хүмүүсийг, бүр хүүхдийг хүртэл санниасинд сургадаг байжээ.