Tuesday, March 16, 2010

Атаархал




Атаархалын талаар хүмүүсийн нийтлэг ойлголт бол атаархал нь хар, цагаан гэсэн хоёр янз байдаг бололтой. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олны танил хүмүүсийн ярьж байхыг сонсож байхнээ тэр хүмүүс "энэ хүмүүс ийм сайхан байхад би ч бас ийм болох юмсан гэж хичээж зүтгэдэг" болохоороо "цагаан атаархалтай", бусад хүмүүс ингэж боддоггүйгээрээ хар атаархалтай юм байх. Ийм яриа надад ихэвчлэн сонсогддог.

Харин миний бодлоор бол атаархал ч бай хүний ямар нэг зан чанар ч бай аливаа хүнд байх ёстой хэмжээгээр байдаг. Харин тэр шинж чанар нь байх ёстой хэмжээнээсээ хэтэрвэл өөр шинж чанар болж хувирдаг. Үүнийг философид "тооны хувьслаас чанарын хувьсалд шилжих хууль" гэж нэрлэдэг. Мэдээж хэмжээнээсээ хэтэрсэнээс бий болсон өөр шинж чанар нь муу мөн чанар байх нь ойлгомжтой. Сайн юм хүртэл хэтрэхээр муу юм болдог биз дээ. Тэгэхээр хүнд атаархал байх ёстой хэмжээгээрээ байвал тэр нь хүний дургүйг тэгтэл хүргэж, тэр хүний мөн чанар тэгтэлээ өөрчлөгдөхгүй, харин тэр хэмжээндээ байгаа атаархалаа хэмжээнд нь барилгүй, өөрөөр хэлбэл өөрийгөө хяналтгүй байлгавал тэр атаархал нь хэмжээнээсээ хэтэрч "үзэн ядалт" болж хувирдаг. Атаархалаа үзэн ядалт болгож хувиргасан хүний мөн чанар нь өөрчлөгдөх нь ойлгомжтой. Энэ нь тэр хүн муу хүн болж хувирна гэсэн үг. Хүний шинж чанар өөрчлөгдвөл тэр хүний мөн чанарт нь нөлөөлдөг. Огт атаархалгүй хүн байна гэвэл тэр хэвийн биш хүн байж таарна, өөрөөр хэлбэл эрүүл ухаантай ямар ч хүнд заавал атаархал байна, ганцхан тэр нь байх ёстой хэмжээндээ байх ёстой, түүнийг даамжруулж үзэн ядалт болгож болохгүй юм.

Жишээ болгож ганцаардсан хүнээр жишээ авъя. Нэгэн гаж муу зуршилгүй, элдэв муу зангүй, гадаад үзэмжээр ч боломжийн бүсгүй байлаа гэж төсөөлөе л дөө. Тэр бүсгүй өөрөө ч мэдэхгүй нэгэн шалтгаанаар гэрлээгүй байлаа гэж бодоё. Мэдээж тэр бүсгүй өөртэйгээ ижилхэн боловч гэр бүл үр хүүхэдтэйгээ явж байгаа бүсгүйчүүдийг хараад эхлээд "ямар сайхан юм бэ, би хэзээ ингэж явах бол" гэж бодно, энэ бол мэдрэл муутай биш л бол ямар ч хүнд төрөх л мэдрэмж буюу байх ёстой хэмжээгээрээ байгаа атаархал юм. Харин ингэж төрсөн атаархалаа өөр өөдрөг бодол, сайхан сэтгэл, урам зориг зэргээр дарж хэмжээнд нь байлгахын төлөө үргэлж хичээж байхгүй, атаархалаа зоргоор нь тавих юм бол нэг л мэдэхэд ганцаардахгүй байгаа бүсгүйчүүдийг үзэн ядаж эхэлнэ. Энэ нь яаж илэрдэг юм гэхээр, тэднийг байнга муулна, тэдний ямар ч үйл, үг хэлийг муугаар тайлбарладаг болно, нэг мэдэхэд тэр бүсгүй муу хүн болж хувирсан байх болно. Муу хүн гэж ийм л хүнийг хэлнэ. Хэрэв энэ муу зангаа цааш нь даамжруулах юм бол бүр муу юм хийж эхлэх болно. Тиймээс ямагт өөрийгөө хэмжээнд нь хянаж байх хэрэгтэй. Муу хүн байхад муу нь юу байхав гэж зарим нэг нь бодож байж болох юм, би лав хувьдаа муу хүн болмооргүй байна. Муу хүнээс бүгд л холдоно, муу хүн илүү ихээр ганцаардах болно.


Эцэст нь ганцаардлыг илүү сайн ойлгоё, ганцаардлаас төрсөн атаархалаа хэмжээнд нь барья гэвэл "Хүн болгон их бага хэмжээгээр заавал ганцаарддаг. Яагаад гэвэл тэр хүнд төрсөн мэдрэмжийг хэн ч мэдрэхгүй, тэр хүний өвдөлтөөр хэн ч өвдөхгүй, тэр хүний жаргалаар ч хэн ч жаргахгүй, тэр хүнтэй цуг хэн ч үхдэггүй" гэдгийг санах хэрэгтэй.

No comments:

Post a Comment